Үндсэн цэс

Хамтрагч байгууллага




Сүүлд бичсэн сэтгэгдэл

Швейцарийн Холбооны Улсын Парламентын Ерөнхийлөгчийн айлчлал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг, 01:45

Швейцарийн Холбооны Улсын Парламентын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Андре Буньон Монгол Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэлийн урилгаар 2008 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Эрхэмсэг ноён Андре Буньоныг УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ШХУ-ын Парламентын ерөнхийлөгч А. Буньоны Монгол Улсад хийж буй энэхүү албан ёсны айлчлал нь  ШХУ болон Монгол Улсын хооронд 1964 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Швейцарийн талаас парламентын түвшинд хийж буй анхны айлчлал болж буйг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр цааш нь Монгол Улсад зудын гамшиг тохиосон хүнд бэрх жилүүдэд Швейцарийн ард түмэн харамгүй сэтгэлийн дэмжлэг үзүүлж, байгалийн гамшигт нэрвэгдсэн малчдад малын тэжээл, гэр орон болон бэлэн мөнгөний буцалтгүй тусламж зэрэг олон талын туслалцаа үзүүлж байсанд талархлаа илэрхийлсэн. Мөн хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам эрчимтэй хөгжиж, ШХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хүмүүнлэгийн болон хөгжлийн хамтын ажиллагаа амжилттай явагдаж, ШХУ-аас жил бүр 9 сая швейцарь франк буюу 9 тэрбум төгрөгийн тусламж үзүүлж байгаад нэн талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Bugnon_and_Demberel.jpg

 

 

Эрхэмсэг ноён А. Буньон ийнхүү халуун дотно хүлээн авсанд УИХ-ын даргад талархаад, цаашид хоёр орны харилцааг улам бэхжүүлэх, ялангуяа ШХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийг цаашид өргөжүүлж, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. УИХ-ын даргатай уулзсаны дараагаар А. Буньон Төрийн ордны хүндэт зочдын дэвтэрт гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа.

 

 

Мөн энэ өдөр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярт бараалхаж, хоёр орны харилцааны цаашдын төлөвийн талаар ярилцлаа. Швейцарийн хөгжлийн агентлагаас Монгол Улсад цөлжилттэй тэмцэх асуудлаар дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхийлөгч талархаад, цаашид ч мөн дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаа илэрхийллээ.

 

 

Bugnon_Enkhbayar.jpg

 

Монгол Улсад сайн засаглалыг хөгжүүлэхэд Швейцарь улс тодорхой дэмжлэг үзүүлж, түүний дотор төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх талаар МУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ноён А. Буньон илэрхийллээ.

 

Айлчлалынхаа үеэр ноён А. Буньон орлого багатай, малчин өрхөөс их, дээд сургуульд суралцаж, сурлагын амжилтаараа тэргүүлж буй 80 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа. Тэрээр, Швейцарь, Монголын хамтын ажиллагааны хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагаас Зориг сантай хамтран хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр нь Монгол улсыг хөгжүүлж, мэдлэгт суурилсан нийгэм бий болгож төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглээд, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

 

 

Bugnon_and_Students.jpg

 

 

Айлчлалын дараагийн өдрүүдэд ноён Андре Буньон Швейцарийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой бичил уурхай" төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар Төв аймгийн Борнуур сумыг зорьсон юм. Тэнд хувиараа ашигт малтмал олборлогчдын "Бичил уурхайчдын холбоо"-ны санаачлагаар туршилтын журмаар байгуулаад байгаа алт баяжуулах цехийг үзэж танилцлаа. Мөнгөн ус хэрэглэхгүйгээр алтыг ялган авах байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй технологи туршиж буй энэ санаачлагыг Швейцарийн хөгжлийн агентлаг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд уг цех нь мөнгөн ус, цианид хэрэглэхгүйгээр хүдэр боловсруулах технологи бүхий Монгол дахь анхны загвар бичил уурхай юм. Эрхэмсэг ноён Буньоны айлчлалын үеэр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Бороо гоулд компани, Бичил уурхайчдын холбоо болон Борнуур сумын Засаг даргын тамгын газар хамтран Борнуурын нутаг дэвсгэрт мөнгөн ус, цианидгүй бичил уурхай хөгжүүлэх тухай олон талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

 

SAM_visit_Bugnon.jpg

 

 

Түүний дараа ноён Буньон Төв аймгийн Жаргалант сумын дахь Монгол Улсын тэргүүний тариаланч Л. Болдбаатарынд зочиллоо. Л. Болдбаатар 2004 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн "Монгол төмс" хөтөлбөртэй хамтран ажиллаж, 5-6 сортын төмсний үр үржүүлж байгаа ажээ. Энэ хөтөлбөр нь Монгол улсад төмсний үрийг шинэчлэн сайжруулж, төмс тариалагчдыг шинэ, сайн чанарын баталгаат үрээр хангах зорилготой ажиллаж байна.

 

 

Mongol_Potato_and_Bugnon.jpg

 

 

 

Ноён Буньон өөрөө тариаланч, агрономич мэргэжилтэй учраас Монголын газар тариалангийн салбарыг нилээд сонирхож, сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж байгаа ч техник тоног төхөөрөмж, технологио шинэчлэх шаардлагатай байгааг нүдээр харж, энэ салбарт Швейцарийн Засгийн газраас үргэлжлүүлэн туслалцаа үзүүлэхийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

 

 

Boldbaatar_and_Bugnon.jpg

 

 

Төгсгөлд нь тэрээр Төв аймгийн Жаргалант сумын малчин айлд зочилж, Монгол орны нүүдлийн ахуй амьдралтай танилцлаа.

 

 

BUgnon_visits_Mongolian_ger.jpg

 

 

 

Horse Riding Bugnon copy_1.jpg

 

 

Д.Соёлмаа

Мэдээлэл харилцааны ахлах ажилтан

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 7-р сарын 31, Баасан гариг, 07:26