Үндсэн цэс
Хамтрагч байгууллага
Сүүлд бичсэн сэтгэгдэл
| Бэлчээр, усаа гамтай ашиглахаар малчид, ногоочид хамтран ажиллаж байна |
|
|
|
| Бичсэн Administrator | ||||||||
| 2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 08:09 | ||||||||
|
Ховд аймгийн Дуут, Буянт сум, 2009 оны 8 дугаар сарын 17 Бэлчээрийн доройтол, усны хомсдол, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцлийг хамтын хүчээр даван туулахаар Ховд аймгийн Дуут сумын малчид, Буянт сумын ногоочид хүч хөдөлмөрөө хоршиж, хамтран ажиллаж эхэлжээ.
Нутаг ус, айл хотлоороо нэгдэн бэлчээр усаа зөв зохистой хамтран ашиглах нь илүү үр өгөөжтэй болж байгаа бусад аймаг, сумын туршлагыг "Ногоон алт" Бэлчээрийн менежментийн хөтөлбөрөөс нэвтрүүлсний дагуу Дуут сумын малчдын 90 гаруй хувь нь нэг жилийн дотор Бэлчээр ашиглалтын 9 хэсэг (БАХ)-т нэгдэж зохион байгуулалтад оржээ.
Нутгийн малчдад бэлчээрийн доройтлоос гадна олон янзын сорилт бэрхшээл бишгүй тулгарч байна. Сүүлийн хэдэн жилүүдэд энэ хавиар бэлчээрийг юу ч үгүй болтол сүйтгэдэг царцааны нүүдэл жил өнжөөд л тохиолдох болсон гэнэ. Өнгөрсөн өвөл цас их орж, хавар ихээр шуурсан нь малчдын өвөлжилт, хаваржилтыг хүндрүүлж, Дуут сумын олон малчдын ихэнх шинэ төрсөн төлийнхөө 70-80 хувийг алджээ. "Манай сум нийтдээ 112,000 малтай. Сумын 510 өрхийн 80 гаруй хувь нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж амьдралаа залгуулдаг. Гэтэл сумын нийт бэлчээр маань дөнгөж 80,000 гаруй мал бэлчээх даацтай" гэж Дуут сумын Засаг дарга Гантөмөр ярьж байна. Бэлчээрийн даац нь аль хэдийн хэтэрсэн тус сумын нутагт зэргэлдээ сумдын мал ч оторлодог ажээ. Тийм болохоор Дуутын малчдад хадлан тэжээл бэлтгэх ямар ч боломж олгодоггүй бололтой.
Иймд бэлчээр усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр малчдын БАХ-дийн санаачилсан ажлуудад "Ногоон алт" бэлчээрийн менежментийн хөтөлбөрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ажээ. Одоогоор тус сумын малчид хамтраад нийт 18 га хадлангийн талбайг хамгаалж хашаа барьж, малчдын нүүдлийн замуудыг засч сэлбэсэн байна. Мөн булаг, шандны эхийг хамгаалж, хашаалсан байна. Ховд аймгийн Буянт сумын ногоочид ч газар тариаланд усыг үр ашигтай хуваарилж, ашиглах талаар Дуут сумын малчдын нэгэн адил хамтран ажиллаж байна. Буянтын ногоочдын хувьд Буянт голын ус бол алт гэсэн үг. Сүүлийн үед голын усны нөөц багасаж, урсгал нь татарч байгаа тул ногоочдын амьжиргааны эх үүсвэр болсон усыг ариг гамтай ашиглах зорилгоор байгуулагдсан Ус ашиглагчдын 25 бүлэгт (УАБ) тус сумын 1000 гаруй ногоочдын 64 хувь нь нэгджээ. Зохицуулалтгүйгээр ашиглах, дур зоргоор суваг шуудуу татах нь усны алдагдлыг ихэсгэж, хүртээмжийг тэнцвэргүй болгож байна. Ялангуяа усны эх үүсвэрээс хол байгаа ногоочдод хүрэлцэхгүй байгаа нь тэдний дунд зөрчил үүсгэх нэг шалтгаан болдог. Голыг урсгалыг нэг өдөр нэг хэсэг ногоочид нь ирээд өөрсдийн талбай руу өөрчлөхөд нөгөө өдөр нь өөр хэд нь эргүүлээд урсгах явдал тогтмол гардаг аж. Харин УАБ-т нэгдсэн ногоочид усжуулалтын хуваарь гаргаснаар усны нөөцөөс бүгд адил тэгш хүртэх боломжтой болж байна. Тухайлбал, нийт 7 га газарт 10 гаруй төрлийн хүнсний ногоо тариалж буй 10 өрхөөс бүрдсэн Хөхцөцгийт бүлэг ийнхүү хамтран ажиллаж байна. "Бид 4 км орчим урт урсдаг услалтын сувагтай. Түүнийгээ жигд хүртээмжтэй хуваарилахын тулд нэгдсэн хуваарийн дагуу ашиглахаар тохирсон" гэж бүлгийн ахлагч Л. Цэцэгсүрэн ярилаа. Буянт голын сав газрын усны нөөцийн тогтвортой, тэгш хүртээмжтэй ашиглалтыг дэмжиж, улмаар энэ нутагт нүүрлээд байгаа цөлжилтийн хурдыг сааруулж, экологийн доройтлыг багасгахад Цөлжилтийг сааруулах төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Төслийн дэмжлэгээр байгуулсан ус хуваарилах цэг Ийнхүү Швейцарийн хөгжлийн агентлагаас малчид, тариаланчдийг өөрсдөө зохион байгуулалтад орж, үр дүнтэй хамтран ажиллахад үзүүлж байгаа дэмжлэг нь байгалийн нөөц баялгийг үр ашигтай ашиглаж, хамгаалахад үр дүнгээ өгч эхэлж байна. Д.Соёлмаа Мэдээлэл, харилцааны ахлах ажилтан |
||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 9-р сарын 14, Даваа гариг, 08:12 |








